Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- ЗДТГАЗАР
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМ
Хөвсгөл аймгийн Галт сум нь 1923 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань Өлзийт далайн хошууны Салбарт сум нэртэй байгуулагджээ. Уг нутаг бол Манжийн эрхшээлийн үед “Халхын умар замын дунд дахь зүүн этгээдийн хошуу” хэмээх нэртэй хошууны хойд хэсэгт харьяалагдаж байв. 1924 оны хавраас сумдыг шинэчлэн зохион байгуулахад одоогийн Галт сумын нутагт Рашаант, Бумбат, Мандах, Цогт уул, Баянцагаан, Хайрхан зэрэг олон жижиг сумд харьяалагддаг байсан. 1931 онд Архангай аймгийг 35 сумтайгаар зохион байгуулж, дээрх олон жижиг сумдыг нэгтгэн Идэр гол сум, Баянзүрх хэмээх 2 сум болгон цомхотгожээ.
1932 онд Архангай аймгийн Идэр гол сумыг Идэр сум, Баянзүрх сумыг Зүрх сум гэж нэрлэсэн. Улсын бага хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймагт Архангайн 4 сумыг шилжүүлсний дотор Идэр сум, Зүрх сумд багтсан юм. Тэр үед Идэр сум нь 7 баг, 700 орчим өрх, 2000 гаруй хүн ам, 60.5 мянган малтай, Зүрх сум 8 баг 824 өрх, 2500 хүн ам, 70.1 мянган малтай байжээ. Тухайн үеийн төр засгаас сумдыг томруулах бодлого барьж 1957 онд Идэр сумыг Шинэ-Чандмань сумтай нийлүүлэн Шинэ-Идэр сумыг байгуулсан. 1959 онд Шинэ-Идэр сумаас буцааж таслан Галт сумыг байгуулжээ. 1962 онд Зүрх сумыг Галт сумтай нэгтгэж, одоогийн байгаа газар нутгийн хэмжээгээр нь Галт сум хэмээн байгуулсан түүхтэй.
БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, ОНЦЛОГ
Галт сум 359,7 мянган га газар нутагтай. Хөвсгөл аймгийн газар нутгийн өмнөд, зүүн өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 946 км, аймгийн төв Мөрөнгөөс 167 км зайд оршдог. Урд талаараа Архангай аймгийн Тариат, баруун талаараа Хөвсгөл аймгийн Жаргалант, хойд талаараа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдтай, зүүн хойд талаараа Архангай аймгийн Цэцэрлэг сумтай, зүүн талаараа Архангай аймгийн Жаргалант сумдтай тус тус хил залгадаг.
Галт сум нь Тарвагатайн нурууны салбар уулсын хойд хэсэг, Идэр, Чулуутын голын сав газарт, хангайн уулархаг мужид байрладаг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Нутгийн өмнөд, баруун өмнөд, зүүн хойд хэсгээр ой модтой бөгөөд хуш, шинэс, бургас, улиас, хус, гацуур мод ургана. Мөн нэрс, үхрийн нүд, хад, аньс, улаалзгана, бөөрөлзгөнө зэрэг жимс, жимсгэнэ, самар, мөөг, сонгино, сэвэлгэнэ, хүнхээл, халиар зэрэг хүнсний ургамал, цээнэ, гандигаар, согоон сум, хөх ба шар дэгд, манжингарав, таван салаа, сөд, тарваган шийр зэрэг эмийн ургамал ургадаг. Буга, гөрөөс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, шилүүс, хэрэм, жирх, тарвага зэрэг ан амьтадтай. Идэр, Чулуут, Харцат, Галт, Халуун ус, Салбарт, Устын голуудад хун, галуу, ангир, тогоруу, нугас, цахлай зэрэг усны шувууд, ой мод тал хээр, хадан цохиодод нь тас, ёл, бүргэд, харцага, элээ, тоншуул, чогчиго, шар шувуу, шаазгай, болжмор, тагтаа шувууд нүүдлээр болон суурин амьдардаг байна.
Тус сумын нутагт Халуун усны, Олон булагийн, Хөх давааны, Жоншны, Их биеийн зэрэг халуун, хүйтэн рашаан оргилон байх бөгөөд нутгийн иргэд өвчин хуучаа илааршуулахад олон зууны турш эдгээр рашааныг хэрэглэсээр иржээ.
ГАЛТ СУМЫН ЗАРИМ ОНЦЛОГ
Галт сум бол халх үндэстнүүд олон зууы туршид амьдарч суурьшсан нутаг юм. Оюунлаг, авьяаслаг хүмүүсийн өлгий нутаг билээ. Мөн тус нутагт Чингис хааны алтан ургийн тайж нар, тэдний үр сад амьдарсаар ирсэн бөгөөд түүхэн угшлыг нь хөөвөл 1708 онд Далай Чойнхор вангийн хошууны 2 дахь ноён болсон Ринчин нь өөрийн бага хатнаас гарсан 8 хүүг Богд хааны лүндэнг баримтлан шилжүүлэн суулгах нутаг шинжсээр одоогийн Галт сумын Зүрх багийн атар зэлүүд сайхан нутагт их өмч хөрөнгө таслан өгч, суурьшуулснаар “Зүүн тайж нарын сум” гэгдэн нэрлэгдэж явжээ. Өдгөө Галт сумын Зүрх, Хужирт багуудад боржигон, тайж нар овогтнууд амьдардаг.
Галт сумын бас нэг онцлог бол Далай Чойнхор вангийн хошууны уран дархны урлалын гол цөм нутаг билээ. Тус сумын Зүрх багийн нутагт хошууны ноёны санаачилга, оролцоотойгоор өөрийн хошууны болон бусад нутгийн шилдэг дархчуудыг өвлийн улиралд цуглуулан бие биеэсээ туршлага, ур чадвараа судлах, солилцох ажлыг олон жилийн туршид зохион байгуулж ирснээр тус газрыг 100 гаруй жилийн өмнөөс “Дархчуудын хясаа” хэмээн нэрлэх болсон. Галтын олон арван нэртэй дархчуудаас ган урлалын нэрт мастер Г.Ерэнтэй, Жамбал нар авьяас чадвараараа цойлон Богд хааны өргөмжит дархан болж, нэр алдраа цуурайтуулсан бөгөөд тэдний гайхамшигт бүтээлүүд нь Үндэсний төв музей, Хөвсгөл, Архангай зэрэг аймгийн музей, хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж байдаг юм.
Галт сум бол дуу хуурын өлгий нутаг билээ. Тухайлбал Далай Чойнхор вангийн хошууны ноён зохиосон “Сэрүүн сайхан хангай” хэмээх уртын дуу дуулагддаг. Мөн зарим ахмадууд, судлаач нар “Юндэн гөөгөө” хэмээх ардын дууг Далай Чойнхор вангийн хошуунд зохиогдсон, энэ нутгаар их дуулагддаг байсан гэж үздэг билээ. 20 дугаар дууны дунд үед Зүрх багийн нутгаар олон сайхан дуучид амьдарч, найр наадам, нийтийн тоглолтод ая дуугаа өргөж явсан бөгөөд “Алиа саарал”-ын Санжаа, “Алтан Богд”-ын Ванчигаа, “Ар хөвч”-ийн Дуламжав, “Амар түвшин”-ий Загдсүрэн гэж шүлэг найраг шиг яригддаг байжээ.
Галт сумын 100 жилийн түүхэнд Монгол улсын хөдөлмөрийн баатар 5, Ардын зураач цолтон 1, Монгол улсын гавьяат цолтон 32, Төрийн шагналтан 1, Ардын их хурлын депутат 6, УИХ-ын гишүүн 2, Төрийн сайд, дэд сайд 5, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 4, Ардын хувсгалын партизан 3, цэргийн дээд цол Бригадын генерал цолтон 1, эрдэмтэн доктор цолтон 30 гаруй, Дэлхийн аварга тамирчин 4, Улсын аварга цолтон 18, Олон улсын хэмжээний мастер цолтон 14, улсын цолтой бөх 7 тус тус төрөн гарчээ. Үүний зэрэгцээ 1940, 1950-иад оны хувийн ардын аж ахуйтнаас 8 малчин “Улсын сайн малчин” болж, мөн социалист нийгмийн нэгдлийн малчин, өнөө цагийн үйлдвэрлэгч, бизнесмен малчдаас нийлээд “Улсын аварга малчин” цолтон 17, “Улсын аварга саальчин” цолтон 1, “Алтан төлийн эзэн” цолтон 2, “Аймгийн аварга малчин” цолтон 92, “Сумын аварга малчин” цолтон 175 төрсөн байна.