Засаг даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө оюун билэг, хүч чадал, бие сэтгэлээ зориулж Галт нутгийнхаа нэр хүндийг дуурсгаж яваа нутгийн зон олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж айл бүрт аз жаргал, хүн бүрт эрүүл энх амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Улс орны хөгжлийн цаг үеийн түүчээ болж ирсэн Галтчууд бид эх оронч үзэл бүтээн байгуулалтын их туршлага, оюуны их уламжлалтай бөгөөд улс орны эрх чөлөө тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтаас эхлээд хүмүүний хоорондын амьдралын харилцаа, ахуйн аливаа асуудлыг холын хараатай шийдэн хэрэгжүүлж ирсэн бахдам замналтай ард түмэн билээ.

Унаган нутгаа хөгжүүлэх бодлого зорилгоо хэрэгжүүлэхэд бэрхшээл байгаа хэдий ч хүчээ нэгтгэж санал бодлоо цэгцэлж, боломж бололцоогоо дайчлан хөгжлийг хурдасган ихийг хийж бүтээхийн төлөө хоёргүй сэтгэлээр хамтран ажиллаж байгаагийн үр дүнд Галт нутаг маань өнгөжин жавхаажиж өргөжин тэлж хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн он жилүүд болж байна. Энэ их бүтээн байгуулалт бол албан байгууллага аж ахуй нэгж, ард иргэд та бидний нягт хамтын ажиллагааны үр дүн мөн билээ Цаашид ард иргэдийнхээ амьдрал ахуйг улам дээшлүүлж, орон нутгийнхаа хөгжлийг тэргүүн шатанд гаргах бүтээлч санаачлага, хамтын хүч хөдөлмөр бүтээлийн чадавхийг мэдэрч олны хүч оломгүй далайн давуу талыг ажил амьдралдаа хэрэгжүүлж Галт сумынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бодлого, ухаалаг уламжлалаа улам бататгахыг хүсье.

Төрөлх нутаг минь хөгжин дэвжиж, ард иргэдийн минь амьдрал дэвшин дээшлэхийн ерөөлийг өргөе.